Алтай Соёны экобvс нутаг нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас тодорхойлсон дэлхий дээрх зайлшгvй хамгаалбал зохих 200 экобvс нутгийн нэг бөгөөд Монгол, ОХУ, Казах, БНХАУ-ын нутгийг дамнан оршдог онцлогтой. Нийт нутгийн хэмжээ 862000 км2, тvvнээс Монголд 29%, ОХУ-д 62%, Казах-т 5%, БНХАУ-д 4% тус байна.
Энэхүү бүс нутаг нь газар зvйн хувьд дотроо Алтайн нурууны ойт хээр, тундр, Соёны нурууны тундр, шилмvvст ой, Их нууруудын сав газрын цөлжvv хээр зэрэг эх газрын дэд экобvс нутгуудаас бvрддэг.
Vvний дотор Монгол Улсын нутагт хамаарагдах бvс нутгаас өндөр уулын болон хээр, цөлжvv хээр, ус намгархаг газрууд хосолсон Их нууруудын сав газар болон олон нуур, усны өлгий болсон Дархадын Хотгор чухал байр суурь эзэлдэг.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар
Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалан үлдсэн, байгалийн бүс бүслүүрийн бүхий л хэв шинжийг төлөөлдөг, Монгол улсад төдийгүй Төм Азид тэргүүн байранд орох цэвэр цэнгэг усны их сан болсон байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуур, түүний сав газар, Үүр-Уйлганыг хамарсан газар нутгийг хамгаалах зорилгоор Монгол улсын Засгийн Газрын 1992 оны 31-р тогтоолоор Байгалийн Үндэсний цогцолборт газар гэсэн ангиллаар хамгаалалтанд авсан.
Хөвсгөл нуурын ус Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжин дэлхийн цэнгэг усны тавны нэгийг агуулдаг Байгаль нуурт цутгадаг болохоор Хөвсгөл нуурыг хамгаалах нь Байгаль нуурыг хамгаалахтай зайлшгүй холбоотой. Иймээс тус цогцолборт газар нь зөвхөн Монгол орны төдийгүй олон улсын ач холбогдолтой нутаг юм.
2. Хөвсгөл нуур
Хөвсгөл нуурын ай савд Монголд төдийгүй дэлхийд ховор олон зүйл амьтан ургамал байдаг боловч нэлээд нь устаж ховордон алга болох тийшээ хандаад байна. 1980-аад оноос нуурын баруун эрэгт фосфоритын эрэл хайгуулын ажил эрчимтэй явагдаж шинээр зам, суваг шуудуу, цооногууд гаргаж эхэлсэн. Хатгал, Ханхын нефть баазууд ноос угаах болон мод боловсруулах үйлдвэрийн хоцрогдсон технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлөх болсон зэрэг шалтгаанаас Хөвсгөл нуурыг хамгаалах зайлшгүй шаардлага гарсан байна. БЦГ-ын дэвсгэр нутагт Хөвсгөл нуур түүний сав газар, Эг, Үүрийн голын эх, Зүүн Соёны усан хагалбарын хэсэг хамрагдах ба нийт 838070 га талбайтай.
Хөвсгөл нуурын ай сав бүхий байгалийн цогцолбор газрыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулжээ. Хөвсгөлийн ай савд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 зүйл ургамал байдаг. Ургамлын 60 орчим төрөл нь эмийн ургамал байдаг. Ой тайгад нь булга, ойн солонго, нохой зээх, шилүүс, хүдэр, хандгай, хүрэн баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хэрэм, хадны суусар, өмхий хүрэн, мануул, хярс, ирвэс, үнэг, чоно, цаа буга, аргаль, янгир зэрэг амьтад амьдардаг.
Гангар хун, явлаг сар, Алтайн хойлог, итэсгэн цахлай, хар тоншуул, сондор гургалдай, Монгол болжмор, ятга шаазгай, дагуурын ятуу зэрэг Улаан номонд нэн ховор гэж тэмдэглэгдсэн шувууд бий. Хөвсгөлийн ай сав газрын 28 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 255 420 га талбайг хамран улиангар, хавтага навчит хус, анхилуун улиас, сибирийн гацуур, сибирийн шинэс, эгэл нарс, сибирийн хуш, сибирийн жодоо ургадаг.
Хөвсгөл нуур нь одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн нуур. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. 2760 ам километр талбайтай, 34-36 километр өргөн, 136 километр урт, 262 метр гүн нуур бөгөөд далайн төвшнөөс дээш 1645 метр өндөрт оршдог.
Эргийн шугамын урт нь 414 километр, усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд нийт 5300 ам километр талбайгаас усжина. Дэлхийн цэнгэг усны 1%-ийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70% нь 100 метрээс илүү гүн байдаг. Сибирийн хадран, зэвэг зэрэг 12 зүйл загас амьдардаг. 11 дүгээр сарын сүүлийн хагас гэхэд бүрэн хөлддөг бөгөөд мөсний зузаан 1 метр болдог.
Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэх бөгөөд баруун урд талаараа 3000-3200 метр өндөр Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын хажуу эрэг эгц цавчим байдаг. Зүүн талаараа арай налуу эрэгтэй. Хөвсгөл нуурын баруун талд нь Дархадын хотгорын ай сав оршдог. Дархадын хотгор бол Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм.
Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, 3 километр урт, 2 километр өргөн, 5.8 ам километр талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг. “Хадан хүй” арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. “Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5 метр байдаг. Эргийн хаданд хүрлийн үеийн сүг зурагнууд бий.
Хөвсгөл далайн домог: Монгол улс Манж чин улсын эрхшээлд байх үед байгаль нийгмийнхээ баялгийг татвар гувчуурт шавхан өгч Монголын ард түмэн ядарч байв. Энэ үед нуураас татвар авах шийдвэрийг Манжийн хаан гаргажээ. Нутгийнхан түүнээс мултрахын тулд “Хөвсгөл бол нуур биш далай” гэж маргажээ. Далай гэж батлах зүйл юу байна гэхэд нь “Хөвсгөлд 100 гол цутгадаг учраас далай юм” гэжээ.
Манж-Хятадын шинжээчид Хөвсгөл нуурын талаар нилээд судалчихсан байсан болохоор 100 гол цутгадаггүйг мэдэх ажээ. Тэгээд нууранд цутгах гол горхийг тоолох өдөр товложээ. Монголын талынхан болзоот өдрийн өмнө уул усаа тахин, сан тавьж судар уншуулж аргалснаар зүсэр бороо оруулжээ. Уулын жалга судаг бүхэн гол горхи болон урсаж зөвхөн нэг хэсэгт тоолоход л 100 давсан тул явж тоолох аргагүй болсон гэдэг. Энэ тухай Манжийн хаанд айлтган Хөвсгөл нуурыг далай болгоод зогсоогүй татвараас чөлөөлсөн гэдэг.
3. Даян дээрхийн агуй
Даян Дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойно Үүр голын зүүн цутгал, Дээрх гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших, Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн “үзмэр” юм.
Агуй том жижиг гурван амтай. Агуйн том ам 3х4 метрийн хэмжээтэй, нөгөө хоёр нь түүнээс бага юм. Агуй орчмын уул нь шохойн чулуулаг юм. Агуйн их ам дотор талдаа 1 метр орчим өндөр чулуун босготой, босгыг давж ороход төвөгтэй учир зориуд чулуун шат тавьсан. Энэ босгыг давангуут 7 метр орчим өргөнтэй , 15 метр өндөр дөрвөлжин хэлбэртэй том хөндий тасалгаа байна. Үүнээс өнгөрмөгц эхний тасалгаанаас нарийхан нам боловч урт, тал тал тийш олон хонгилтой тасалгаа байна. Энэ хоёр тасалгаа нийт урт 32,5 метр болно. Хоёр дах тасалгааны эцэст эгц дээш өгсөж ордог хоёрдахь давхрын тасалгаа байна.
Үүн рүү орохын тулд тусгай модон шат хэрэглэдэг. Агуй нэгдүгээр давхраас хоёрдугаар давхар хоёрын хооронд босоо зай 14,7 метр өндөр юм. Хоёрдугаар давхрын том тасалгаа нь баруун хойш чиглэсэн 4 метр өндөр, 3-5 метр өргөн 24 метр урт юм. Эл тасалгаанд олон жижиг хонгил тал тал тийш салбарласан байдаг. Эл тасалгааны шалан талын хэсэг гүн худаг мэт жижиг нүхтэй, гурван том баганатай. Энэ нь шил мэт тунгалаг өнгөтэй. Нэгийг нь хүмүүс зориуд хугалсан байна. Энэ тасалгаанаас зүүн өнцөгт 2 метр өндөр нарийн босгыг давж, нүүхээр шургаж буугаад нарийн хонгилоор явсаар дараагийн тасалгаанд орно. Эл тасалгаанаас агуйн мухар хүртэл том жижиг найман тасалгаа байдаг. Агуйн мухарт хана дээврээс нурсан хад чулуу байдаг. Үүнийг нутгийнхан цагаан асга гэдэг. Энэ нь нилээд сүүлийн үед нурсан. Түүнээс цааш үргэлжилж хил гардаг байсан тухай нутгийн хүмүүс ярьдаг. Агуйн амнаас энэ хүртэл агуйн 170 метр орчим гэж судлаачид тогтоосон. Агуйд хүмүүс орохдоо лаа барьж ордогоос агуйн хана тортог хөө болсон байдаг.
Агуйн аманд 2 метр өндөр чулуун овоо байдаг. Эл агуйг 17 дугаар зууны үеэс судалж байжээ. Эрдэмтэн Ч.Дүвжир 1960-аад онд нэлээд нарийн судалсан байна. Балганшаравдорж гэдэг хүн энэ агуйн тухай ном 1728 онд бичсэн гэсэн мэдээ байдаг ч ном нь олдоогүй байна. Даян дээрхийн агуйг эртнээс тахиж шүтэж байжээ. 1728 онд Балганшарав дорж гэдэг лам Даян дээрхийн сан гэдэг магтаал зохиосныг тахилга үйлдэх үеэр уншдаг байв. Сайн ноён хан Намнансүрэн өөрийн сангаас хөрөнгө зардал гаргуулан, Даян дээрхийн сахиусыг тахиулдаг байжээ.
Даян дээрхийн ийм нэгэн домог байдаг. Чингис хааны үед Даян Дээрхи гэдэг бөө амьдарч байжээ. Тэр нэгэн удаа Чингисийн отог дээр хоёр шарга морьтойгоо очиход хаан баатруудтайгаа анд явсан байв гэнэ. Хатан нь түүнийг гэртээ урьж, бөөлүүлэн, онгод савдагт нь отог омгоо даатгуулжээ. Бөө явах болж, хатан түүнийг гаргаж өгөх гэтэл Даян Дээрх “Та нар миний хойноос бүү гар. Отгон охиноороо нохой хориул” гэжээ. Охин нохой хорихоор гарахад бөө хөтөлгөө мориндоо сундлан зугтжээ. Энэ тухай Чингис хаанд хэл хүргэн, хаан баатруудынхаа хамт түү- нийг нэхэж. Даян Дээрх уулан дахь агуйдаа ирж, охиныг нуун, өөрөө Үүрийн голын зах дээр хөшөө чулуун хөрөг болж, хиргисүүрэнд шингэн алга болжээ. Үүнийг нүдээр үзсэн хаан ид шидэнд нь ихэд бишрэн “Охиныг минь хатнаа болгож, хайрлаж харж яваарай. Ид шидээрээ энэ нутгийнхаа ард олонд тусалж яваарай” гээд буцжээ.
Түүнээс хойш уг чулууны дэргэдүүр морьтой хүн явахад морь нь бусгадаг, хөтлөөд явахад зүгээр болдог. Хожим энэ нь ямар учиртай юм бол гэж хиргисүүрийг ухаж үзвэл хүн чулуун хөрөг гарсан тул уг агуйг “Даян Дээрхийн агуй” хэмээн нэрлэн, бөөгийн онгод болгон шүтэж иржээ. 1864 онд Даян Дээрхийн хийд хэмээх шарын шашин, бөө мөргөлийн төвийг Цагаан-Үүр сумын нутаг дахь Үүр, Дээрхийн голын бэлчир байгалийн үзэсгэлэнт газарт байгуулсан туурь одоо хүртэл бий. Энэ агуйг үзэж сонирхох, онгод шүтээнээс нь абшиг авах гэсэн гадаад, дотоодын жуулчид сүүлийн үед олноор ирдэг болжээ.
4. Уушгийн өврийн буган хөшөө
Аймгийн төвөөс 25 км зайтай орших Уушиг уулын өвөрт нэг дор 14 буган хөшөө байдаг. Буган хөшөөнүүд хойноосоо урагш цуварч байрласан. Хөшөөнүүд хоорондоо 3-20 метрийн зайтай. Улаавтар өнгийн боржгон чулууг дөрвөн тал гарган тэгшлэн засаж, буга, нум, бамбай, морь, хутга, нар,сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сийлж хөшөөнүүдийг бүтээсэн байдаг. Хөшөөнүүд гонзгой урт бөгөөд 1,5-4,8 метр өндөртэй, 0,4-1 метр өргөнтэй, 0,2-0,5 метр зузаантай байна. Нийт 14 хөшөөнд 109 буга дүрслэн сийлсэн. Уг дурсгал нь нэг дор олноороо цогцолсон гэдгээрээ онцлог бөгөөд Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хөшөө юм. Хөшөөний зарим нь дундуураа хугарсан, суурьнаасаа хөдөлсөн, хазайсан, зарим хөшөөний сийлбэр нь элэгдэж бараг мэдэгдэхээ байсан байна.
1999-2000 он, 2003-2004 онуудад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Уушгийн өвөрт Монгол-Японы хамтарсан хээрийн шинжилгээний анги хиргисүүр болон буган хөшөөний цогцолбор судалгааг хийж гүйцэтгэсэн байна . Тэд Уушгийн өврийн 1-р хиргисүүрийг бүхэлд нь малтаж, гадаад дотоод зохион байгуулалт, бүтцийг нягтлан шинжилжээ . Малтлагын үр дүнд хиргисүүрийн тахилын байгууламжуудаас хойлголон тахисан адууны яс, шавар ваар савны хэлтэрхий зэрэг олдвор, хэрэглэгдэхүүн гарсан.
Дээрхийн агуйг үзэж сонирхох гадаад, дотоодын жуулчид их ирдэг төдийгүй агуйн орчимд олон тооны хиргисүүр, булш бий. Байгалийн хосгүй иж бүрдэл болсон энэ сайхан нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан нь шинжлэх ухааны болон байгаль, түүх, соёлын хувьд ихээхэн ач холбогдолтой юм.
6. Дархадын 13 овоо
Хатгалаас Улаан-Уул руу явах замд Өлийн халзан даваа байдаг бөгөөд 13 овоотой. Өлийн халзан даваа нь 2110 м-ийн өндөрт оршдог.
Дархад овгийн хүмүүс манай улсын олон аймаг сумаар тархсан байдаг гэж угсаатан зүй судлаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал XII-XIII зуунаас улбаатай. “Монголын нууц товчоо”-нд дархад аймаг гэж гардаг. Одоогийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Цагааннуур суманд аж төрж байгаа дархдууд дархад ястны зан үйл, хэл аялгуу, аж төрөх ёсон, сүсэг бишрэл зэргийн үүх түүхийг хадгалж иржээ.
Дархадууд нь түүхэн тодорхой цаг үед ойрад, хотгойдын бүрэлдэхүүнд багтаж байжээ. 1549-1786 онд дархадууд Засагт хан аймагт харъяалагдаж, хотгойдын Алтан ханы харъяа байжээ. 1786 онд дархадууд богд Жавзандамба хутагтын дархан шавь болж, Хөвсгөлийн их тайга, Шишгэдийн өргөн уудам хөндийд аж төрөх болсон юм. Дархад нь уг гарлаараа хотогойд, урианхайтай үүсэл нэгтэй бөгөөд найман удаагийн Жавзандамба хутагтын дархан шавь байсан нь дархад ястны нэр болсон хэмээн үздэг эрдэмтэд байдаг.
7. Цаатны нутаг
Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг Тува угсааны монголжсон ойн соёд урианхай нарыг Цаатан гэдэг. Цаатангууд анх Монголын түүх бичигт тэмдэглэгдэх болсон нь ердөө 200 гаруй жилийн өмнөөс юм.
Анх Улиастайн амбан сайдын шавийн захиргааны данс бичигт 1764 онд “Дархад аймгийн хэмжээнд Эүкэ гэрт уулын хүмүүс ам бүл 22, цагаан буга 192 байна” гэж тэмдэглэгджээ. Тэд өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэдэг бөгөөд тэдний нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатангууд гэдэг. Цаатангуудыг Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг.
Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх юм. Тэд уйгар хэлтэй. Тайгадаа бол өөр хоорондоо уйгараар ярьдаг. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг.
Өдгөө 200 гаруй хүн буюу 40 гаруй өрх цаатан айл өвөлдөө хасах 31-50 хүртэлх хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг. Эрт цагаас цаатан ард түмний амьдарч ирсэн сууц нь урц юм. Нууц товчоо болон Рашид Ад дины судрын чуулганд ан гөрөөгөөр амьдардаг эртний аймгууд холтсон бүрээстэй гэрт амьдардаг гэж дурдсан байдаг.
Цаатангууд халх маягийн дархад хийцтэй, өндөр босоо захтай, өргөн суга ханцуйтай, тавиу хормойтой, дан өргөн эмжээртэй дээл өмсдөг. Дээл нь эрэгтэй эмэгтэй, ангийн гэсэн гурван төрөл байдаг. Дархад хийцийн дуулган малгай, цааны годыг залгаж оёсон ширэн ултай гутал хийж өмсдөг. Мөн цааны арьсыг сайтар элдэж өмд хийж өмсдөг.
Эрт цагаас цаатан ард түмний амьдарч ирсэн сууц нь урц юм. Урцаа босгохдоо мод уулзуулан хатгаж, дээгүүр нь арьсаар бүрдэг байсан. Томовтор урцанд 28-32 мод, дунд зэргийн урцанд 22-25, жижиг урцанд 17-22 ширхэг мод хэрэглэнэ. Хатгуур мод нь гол төлөв хуурай хар мод байдаг бөгөөд 3.5-4 метрийн урттай байна. Өмнө нь ихэвчлэн ангийн болон цаа бугын арьс, модны холтсоор урцаа бүрдэг байсан бол сүүлийн үед даавуу, бризент зэрэг материалыг ашиглах болсон байна.
Тэдний хүнс нь цааны мах, цааны сүүгээр хийсэн цагаан идээ байх бөгөөд хатаасан хурууд нь тослог ихтэй зөөлхөн байдаг. Саалийн хугацаанд 96-100 литр сүү сааж авна. Цааны сүү өтгөн учраас хөөрүүлэхэд хөөрч дэврэхгүйгээр буцалдаг. Цааны сүү эхийн сүүг орлохуйц тийм сайн чанартай учраас нялхаст өгдөг. Цаатан өрх 10, 11 дүгээр сард өвлийн хүнсэндээ зориулж 2-3 цаа бугыг нядалж идэшний мах бэлтгэнэ. Мах нь амт сайтай, зөөлхөн, өтгөн бор шөл гарна.
No comments:
Post a Comment